Прокурорын байгууллага 2025 онд Соёлын өвийн эсрэг 33 хүнд холбогдох 14 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бол 2026 оны I улирлын байдлаар 7 хүнд холбогдох 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймгийн прокурорын газраас Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гадаад улсын иргэдэд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ. Тодруулбал, БНХАУ-ын иргэн Z.Y, Z.Ch нар нь бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг дэвсгэрт байдаг “Хүрэн хайрханы хадны бичээс” буюу орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс БНХАУ-ын иргэн Z.Y, Z.Ch нарыг гэм буруутайд тооцож тус бүрд нь 5,6 сая төгрөгийн торгох ял оногдуулж, байгаль орчинд учруулсан хохиролд 9 сая төгрөгийг төлүүлсэн байна.
Эрүүгийн хууль
25.2 дугаар зүйл.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах
1.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар